Гэрээ, хэлцэл хийхэд “төлөөлөх эрх”-ийг хэрхэн олж авах вэ?

  • 2024-11-07
  • 20

 

Төлөөлөгчийн бүрэн эрх хэрхэн үүсдэг вэ? 

Монгол Улсын Иргэний хуульд зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь

  • хуулийн дагуу буюу
  • итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.

 

Итгэмжлэлээр хэн төлөөлж болох вэ?  

  • Иргэний эрх зүйн бүрэн, бүрэн бус, хязгаарлагдмал чадамжтай иргэн
  • Хуулийн этгээд

 

Иргэний эрх зүйн бүрэн бус буюу хязгаарлагдмал чадамжтай иргэнээр [хууль ёсны төлөөлөгчийнх нь зөвшөөрлийг авалгүйгээр] төлөөлүүлсэн хүн, хуулийн этгээд нь ингэж төлөөлүүлснээс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцна.

 

Дараах шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна:

  • олгосон он, сар, өдрийг заах;
  • [хуульд заасан бол] нотариатаар гэрчлүүлэх;
  • итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах

 

Цахим итгэмжлэл нь дээрх шаардлагаас гадна Цахим гарын үсгийн тухай хуулийн шаардлагыг хангах ёстой.

 

Итгэмжлэлийн хугацаа

  • Хугацаатай олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаатай байна.
  • Хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна.

 

Хэдийд ч

  • төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох,
  • төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй.

Энэ эрхийг эдлэхгүй гэж тохирсон хэлцэл [хүчин төгөлдөр бус байна].

 

Бичгээр, эсвэл цахим хэлбэрээр олгох итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангах ёстой:

  • итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх,
  • хуулийн этгээдийн итгэмжлэлд [эрх баригч гарын үсэг зурж], тамга, тэмдэг дарсан байх;
  • хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд [эрх баригчаас гадна нягтлан бодогч] гарын үсэг зурсан байх;

 

Төлөөлүүлэгч нь [амаар, бичгээр, цахим хэлбэрээр]

  • төлөөлөгч болон
  • түүнтэй гэрээ, хэлцэл хийх гуравдагч этгээдэд

төлөөлүүлэх тухайгаа, мөн төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар [мэдэгдэж] төлөөлөгчид бүрэн эрх олгож болно.

 

Итгэмжлэлийг шилжүүлж болох уу?  

Итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг Төлөөлөгч биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.

Гэхдээ дараах нөхцөлд итгэмжлэлийг шилжүүлж болно:

  • итгэмжлэлд эрх олгосон үйл ажиллагааг [бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан]
  • итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс [зайлшгүй шаардлагатай байвал]
  • шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа үндсэн итгэмжлэлийн хугацаанаас их байж болохгүй.
  • үндсэн итгэмжлэл дуусгавар болсноор шилжүүлсэн итгэмжлэл дуусгавар болно.

 

Төлөөлөгч эрхээ шилжүүлснээ мэдэгдэх үүрэгтэй

  • төлөөлөгч эрхээ бусдад шилжүүлсэн тухай болон
  • итгэмжлэлийг шилжүүлэн авсан этгээдийн талаар төлөөлүүлэгчид [мэдэгдэх үүрэгтэй].
  • энэ үүргээ биелүүлээгүй бол эрх шилжүүлж авсан этгээдийн үйл ажиллагааны үр дагаврыг өөрөө хариуцна.

 

(Хэлцэлд төлөөлөх ойлголтыг Иргэний хуулийн 7-р бүлгийн 62-70 дугаар зүйлээс илүү тодруулж харах хэрэгтэй)