Жижиг хувьцаа эзэмшигчийг хэрхэн хамгаалдаг вэ?

  • 2023-05-11
  • 85

Хувьцаа эзэмшигчийг хамгаалах шалтгаан юу вэ?

  • ТУЗ (хяналтын эрхтэй хувьцаа эзэмшигч)-ийн шийдвэрээр бизнесийг удирдах нь компанийн засаглалын суурь зарчим.  Гэхдээ ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр компани, жижиг хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хохироох, буруу зорилгод үйлчлэх боломжтой.
  • Жижиг хувьцаа эзэмшигч эрхээ хамгаалж компанийн шийдвэрт нөлөөлөхөд саналын хувь нь хангалтгүй.
  • Хувьцаагаа нийтэд арилжаалдаггүй компанийн хувьцаа эзэмшигч компаниас гарахаар (exit) шийдэхэд хувьцаагаа худалдах зах зээл ховор.
  • Компанийн дүрмээр хувьцаа шилжүүлэхэд хязгаарлалт тогтоох боломжтой.
  • Хяналтын эрхтэй хувьцаа эзэмшигч (ТУЗ) жижиг хувьцаа эзэмшигчийн (гаргасан хувьцааны 50-аас доош хувийг эзэмшигч) хөрөнгө оруулалтын үнэ цэнийг бууруулах олон арга техник хэрэглэх боломжтой.

Хувьцаа эзэмшигчийг хамгаалах дараах аргууд бий:

  • Шүүхэд гомдол гаргах (Хувьцаа эзэмшигч өөрийн нэрээр, эсвэл компанийн нэр дээр)
  • Мэдээлэл авах эрхийг хуульчлах: Хувьцаа эзэмшигч компанийн мэдээллийг авах эрхийг хуулиар зохицуулах
  • Хараат бус байгууллага иргэний хэрэг, гомдол шийдвэрлэх (Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо гэх мэт)

Хувьцаа эзэмшигч ямар тохиолдолд шүүхэд гомдол гаргадаг вэ?

Шүүхийн журмаар хувьцаа эзэмшигчийг хамгаалах уламжлал нийтлэг эрх зүйн  хувьд (common law) олон жилийн түүхтэй ч өндөр зардал, хууль хэрэглээний хүндрэлтэй байнга тулгарч иржээ.

Австралид 1950-аад оны дунд үеэс компанийн хуулиар хувьцаа эзэмшигчийг хамгаалах эхлэл тавигдаж 1983, 1999 онд орсон хуулийн өөрчлөлтөөр “хуулийг өргөн утгаар тайлбарлах боломжтой болж шүүхэд гомдол гаргах эрх, үндэслэлийг нэмсэн байна”.

Австралийн 2001 оны Корпорацийн хуулиар

  1. Хувьцаа эзэмшигч (одоо байгаа болон өмнө байсан, мөн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хорооны санал болгосон) зүй бусаар ашигласан, ялгаварласан, хохироосон шийдвэр, үйлдэл, эс үйлдэлд (санал болгож буй шийдвэр, арга хэмжээ ч хамаарна) холбогдуулж шүүхэд гомдол гаргах эрхтэй. (2001 оны Корпорацийн хуулийн 1, 232-235-р заалт)

Хувьцаа эзэмшигчийг зүй бусаар ашигласан, ялгаварласан, хохироосон шийдвэр, үйлдэл/эс үйлдэл (oppressive, discriminatory or prejudicial conduct) нь

  • зөвхөн жижиг хувьцаа эзэмшигчид хамаарахгүй
  • заавал хууль бус байх шаардлагагүй
  • гомдол гаргах асуудлыг нэрлэж хязгаарлаагүй (компанийн ашиг, алдагдал, гэрээ хэлцэл, аудит, саналын эрх, хувьцааны өмчлөл гэх мэт асуудалд холбогдож болно)

Харин “шударга бус харилцаа, шийдвэр, арга хэмжээ (unfair dealing) байхыг шаарддаг.

  1. Үүнээс гадна хувьцаа эзэмшигч (одоо байгаа болон өмнө байсан, албан тушаалтан, ажилтны давхар статустай байж болно)
  • компанийн өмнөөс, компанийн нэр дээр шүүхэд гомдол гаргах,
  • эсвэл компанийн оролцож буй хэрэг шийдвэрлэх ажиллагаанд интервенц хийж, тухайн ажиллагааны хариуцлагыг үүрч оролцдог. (2001 оны Корпорацийн хуулийн1A, 236-р зүйл)

Ийм журмаар гомдол гаргахад шүүхийн зөвшөөрлийг авдаг бөгөөд шүүх

  • Компани тухайн асуудлаар гомдол гаргахгүй байх
  • Гомдолд хамаарах асуудалд ТУЗ (хяналтын эрхтэй хувьцаа эзэмшигч) оролцсон байх
  • Гомдол гаргасан асуудал нь амжилттай шийдвэрлэгдэх, чухал асуудал байх
  • Гомдлыг шийдэх нь компанийн хувьд практик ач холбогдолтой байх зэрэг хүчин зүйлийг харгалздаг. (237-р зүйл)

Шүүх шийдвэр гаргахдаа:  

  • Хувьцаа эзэмшигчийн үндэслэл бүхий хүлээлт
  • Компанийн түүх, санхүүгийн хэрэгцээ, санхүүгийн нөхцөл байдал
  • Шийдвэр гаргах процес, шийдвэрийн арилжааны үндэслэл, бизнесийн учир шалтгаан
  • Тухайн кэйсийн онцлог нөхцөлийг харгалзаж үздэг.

Ямар тохиолдлыг “шударга бус харилцаа” гэж үзэхгүй байх магадлалтай вэ?

  • Өрсөлдөгчтэй нь хамаарал бүхий хувьцаа эзэмшигчид ТУЗ/Захирлууд мэдээлэл өгөхгүй байх (мэдээлэл өгөх үүрэггүй бол)
  • Ноогдол ашиг бага төлсөн ч ТУЗ/Захирлууд өндөр боловч хүлээн зөвшөөрөхүйц төлбөр, бонус авах

Ямар тохиолдлыг шударга бус харилцаа, үйл ажиллагаа гэж үзэх магадлалтай вэ?

  • Ноогдол ашиг төлөхгүй байх
  • Ашиг, бэлэн мөнгөний позиц сайжирсан ч ноогдол ашгийн бодлого, хэмжээ өөрчлөгдөхгүй байх
  • Компанийн бүртгэл, баримт, мэдээлэлтэй танилцахад саад учруулах, өгөхгүй байх
  • ТУЗ, том хувьцаа эзэмшигч өөрсдийн компани руу компанийн хөрөнгө, нөөц, бизнесийн боломжийг шилжүүлэх
  • Жижиг хувьцаа эзэмшигчийг хохироох замаар өөрсдийн ашиг сонирхолд үйлчлэх (цалин, бонус, бусад хэлбэрээр том хувьцаа эзэмшигчид ашиг хуваарилах, хөрөнгө оруулалтын үнэ цэнийг нь бууруулах, хувьцааны үнийг буулгаж авах)
  • Жижиг хувьцаа эзэмшигчийг ТУЗ/Хувьцаа эзэмшигчдийн хуралд бүрэн оролцуулахгүй байх бизнесийн тактикийг давтан хэрэглэх
  • Компанийн дүрмийг өөрчилж бизнесийг худалдан авах этгээдийн саналын эрхийг хязгаарлах, саналын эрхгүй болгох
  • Хувьцаа эзэмшигчийн өмчлөлийн хувийг багасгах зорилгоор хувьцаа гаргах
  • Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлахгүй байх
  • Компанийн болон хувийн санхүүгийн үйл ажиллагааг холих

Шүүх хувьцаа эзэмшигчийг хамгаалж ямар шийдвэр гаргадаг вэ?                                    

  • Хувьцаа худалдан авахыг захирамжлах: Компани/өөр хувьцаа эзэмшигч жижиг хувьцаа эзэмшигчээс хувьцааг нь худалдан авахыг захирамжлах (buy-out remedy). Хувьцааны зах зээлийн үнийг шүүх тогтооно.
  • Даалгах, Зөвшөөрөх: Компани, хувьцаа эзэмшигчид хуулийн тодорхой процесс эхлүүлэх, зогсоох, тэдгээрт холбогдуулж хамгаалалт хийхийг даалгах, зөвшөөрөх
  • Хориглох, Нөхөн төлбөр төлүүлэх: Тодорхой үйлдэл, үйл ажиллагааг хориглох, хууль зөрчсөн бол нөхөн төлбөр төлүүлэх
  • Тодорхой үйлдэл хийх, арга хэмжээ авахыг шаардах (хувьцаа гаргахгүй байх, хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг залруулах гэх мэт)
  • Компанийн дүрмийг өөрчлөх: Шүүхийн шийдвэрт нийцүүлж компанийн дүрмийг өөрчлөх, хүчингүй болгох
  • Компанийг татан буулгах