Өмгөөлөгч нь эрх чөлөө, шударга ёсны хамгаалагч байх учиртай
- 2016-10-20
- 757
Энэ удаагийн буландаа өмгөөллийн “Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, хууль зүйн ухааны доктор, өмгөөлөгч Э.Батбаяртай хийсэн ярилцлагыг толилуулж байна. Э.Батбаяр нь МУИС-ийн ХЗС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсч, ОХУ-ын Кубаний Улсын Их сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг хамгаалжээ. Мөн “Түшээ” Дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх, НШГА-ны дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар тус тус ажиллаж байсан болно.
Ярилцлагаа танай нөхөрлөлийн нэрнээс эхэлье гэж бодож байна. Их эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн нь шууд анхаарлыг маань татлаа. Энэ нэрээр нөхөрлөлөө нэрлэх санаа хэрхэн төрөв?
Юуны өмнө та бүхэндээ эзэн богд Чингис хааны мэндэлсний 854 жилийн ойн, Монгол бахарлын өдрийн мэндийг хүргэе. Чингисийн хууль гэсэн нэрийг авах санааг манай нөхөрлөлийг үүсгэн байгуулагч Ж.Баттуяа гаргасан юм. Энэ дашрамд хамтрагчаа товч танилцуулахыг хүсч байна. Хамтрагч маань МУИС, Австралид эрдмийн зэрэг хамгаалсан, Оюу Толгой ХХК-ийн хуулийн хэлтсийг олон жил ахалж ажилласан, уул уурхай, ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, манай өмнөө барих хуульчдын нэг билээ. Нөхөрлөлийг үүсгэн байгуулахад юун түрүүнд нэрийн баталгаажуулалтыг авсан байхыг шаарддаг. Бид, хэд хэдэн хувилбар бүхий нэртэй очсон хэдий ч хамгийн түрүүлж Чингисийн хууль нэрээ хэлэхэд давхардаагүй байсан тул шууд авах аз тохиосон юм. Ний нуугүй хэлэхэд энэ нэрээ шууд авчихна гэж бодоогүй шүү, өмнө нь ямар нэг байгууллага авчихсан байх гэсэн болгоомжлол бидэнд байсан. Нэрний хувьд нэмж хэлэхэд Монголын анхны бичмэл хууль цааз болох Их Засаг хуулийг судлаачид Чингисийн Их засаг хууль хэмээн нэрийдэн тэмдэглэж үлдээсэн байх нь эртний түүх, судар бичгүүдэд олонтаа таардаг.
Та өмнө нь өмгөөлөл хийж байсан уу, ямар чиглэлээр өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулж байна?
Манай нөхөрлөлийн өмгөөлөгчдийн хувьд эрүү, иргэн, захиргааны олон хэрэг маргаанд оролцож, хуулийн этгээдийн бүртгэл, сонгууль, хөдөлмөрийн маргаан, бизнесийн гэрээ хэлэлцээрт хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, үйлчлүүлэгчдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж ирсэн арвин туршлагатай. Дээр нь эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхэлж, төрийн алба хашиж байсан маань өмгөөллийн үйлчилгээг чанартай үзүүлэхэд маш их дэм болж байна. Хуулийн салбар өөрөө их өргөн хүрээтэй, олон дэд салбарыг багтаадаг. Иймд өөрсдийн туршлага, мэргэшсэн байдлын хувьд уул уурхай салбарын хөрөнгө оруулалт, ашигт малтмал, тусгай зөвшөөрөл, гэрээ хэлцэл байгуулах чиглэлээр түлхүү хууль зүйн туслалцаа үзүүлдэг. Ер нь манай нөхөрлөлийн хувьд эрүү, иргэн, захиргааны гээд хууль, эрх зүйн бүхий л чиглэлээр хууль зүйн туслалцаа үзүүлэхээр зорьж байгаа бөгөөд тухайн салбаруудад олон жил өмгөөлөл хийсэн туршлагатай хуульчидтай баг болон ажиллаж байна.
Танай нөхөрлөлийн эрхэм зорилго, алсын хараа юу вэ, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ ямар зарчмыг барьж ажиллах вэ?
Байгууллага болгон өөрийн гэсэн эрхэм зорилго, үнэт зүйл, соёл, алсын хараатай байдаг. Эрхэм зорилгоо товчоор хэлэхэд хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэн хүндэтгэх, үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах явдал гэж тодорхойлсон байгаа. Хуульч хүн, тэр тусмаа өмгөөлөгч нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны хамгаалагч нь байх учиртай. Мэдээж салбарынхаа манлайлагч нь байж, өөрийн үнэт зүйл, тогтсон соёлтой байгууллага болох, Монгол Улсынхаа төдийгүй олон улсын түвшинд хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг орчин үеийн хуулийн фирм болох том хүсэл тэмүүлэл, алсын хараа бидэнд байна. Энэхүү хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд цаг хугацааны шалгуур, олон олон даваа, хүндрэл бэрхшээлтэй тулах нь гарцаагүй, үүнийг зөвхөн үйлчлүүлэгчдийн итгэл сэтгэл, өөрсдийн маань хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр даван туулж чадна гэдгийг ойлгон ажиллаж байна. Мөн өмгөөлөл үзүүлэхэд мэргэжлийн өндөр ур чадвараас гадна, мэргэжлийн ёс зүй, хүн ёсны харилцаа, хүн чанар маш чухал ач холбогдолтой гэж боддог. Иймд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ дээр дурдсан үнэт зүйлүүдийг эрхэмлэн дээдэлж, зайлшгүй мөрдөх зарчмаа болгон ажиллах болно.
Танай нөхөрлөлөөс хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авахыг хүсвэл хэрхэн холбогдох вэ?
Өмгөөллийн Чингисийн хууль ХХН маань Чингэлтэй дүүргийн 1-р хороо, хуучнаар Ард кино театрын баруун талд байлах JJ цамхагийн 4-р давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 7000 3200 дугаарын утсаар холбогдох боломжтой.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.