Үл хөдлөх хөрөнгийг давхар барьцаалах нь: Улсын бүртгэлийн дараалал, Мэдэгдэх үүрэг
- 2024-11-10
- 14
Үл хөдлөх хөрөнгийг давхар барьцаалах эрхтэй
Барьцаалуулагч нь (зээлдэгч гэх мэт) барьцааны зүйлийг (газар, барилга гэх мэт) бусдад давхар барьцаалах эрхтэй.
Барьцаалагчийн (зээлдүүлэгч гэх мэт) шаардлагыг улсын бүртгэлд бүртгэсэн дарааллаар хангана.
[Өмнөх барьцааны гэрээнд дараачийн барьцааны гэрээний нөхцөлийг тусгасан бол] дараачийн барьцааны гэрээг байгуулахдаа уг нөхцөлийг заавал тусгана.
Дээрх шаардлагыг зөрчвөл шүүх
- [өмнөх барьцаалагчийн нэхэмжлэлээр] дараачийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцно.
Давхар барьцааг бүртгэх
Давхар барьцааны улсын бүртгэлийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмаар хийнэ.
[Талууд барьцааны дараачийн гэрээнд] тухайн үл хөдлөх эд хөрөнгийн [өмнөх барьцааны улсын бүртгэлийн тухай] заана.
[Тухайн эд хөрөнгийн дараачийн бүх барьцааны тухай] өмнөх барьцааны улсын бүртгэлд тэмдэглэгээ хийнэ.
Өмнөх болон дараачийн барьцааны тухай барьцаалагчид мэдэгдэх
Барьцаалуулагч нь дараачийн барьцаалагчтай гэрээ байгуулахдаа [тухайн барьцааны зүйлийн хүчинтэй бүх барьцааны тухай] түүнд мэдэгдэх үүрэгтэй.
- Барьцаалуулагч дээрх үүргээ биелүүлээгүй;
- Дараачийн барьцаалагч өмнөх барьцааны хүчинтэйг мэдэж байсан гэж барьцаалуулагч нотолсноос бусад тохиолдолд
дараачийн барьцаалагч нь гэрээгээ цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй.
Барьцаалуулагч барьцааны зүйлийг давхар барьцаалуулсан тухай өмнөх гэрээний барьцаалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
Барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг нэмэгдүүлэх талаар өмнөх гэрээнд заагаагүй бол
- дараачийн гэрээг байгуулсны дараа өмнөх барьцаалагчийн шинэ шаардлагыг хангах, эсхүл
- уг гэрээгээр хангагдах шаардлагын хэмжээг нэмэгдүүлэх өөрчлөлтийг [гагцхүү дараачийн гэрээний барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр хийнэ].
Өмнөх болон дараачийн барьцааны талаархи барьцаалагчийн шаардлагыг хангах
Барьцаалагч нь тухайн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардахын өмнө бусад барьцаалагчид энэ тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.
- Барьцаалагчийн аль нэг нь барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан бол
- Өмнөх болон дараачийн барьцаагаар хангагдах үүргийг шаардах хугацаа болоогүй байсан ч
бусад барьцаалагч тухайн барьцааны зүйлээс нэгэн зэрэг хангуулахаар шаардаж болно.
- Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бөгөөд
- Бусад барьцаалагч зөвшөөрсөн бол
барьцаа тус бүрийг хангах шаардлагыг [тухайн үүргийг гүйцэтгэх хугацааны дарааллын дагуу] хангана.
(Дэлгэрэнгүй мэдээллийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33-36 дугаар заалт, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хууль зэргээс харж болно).