Гэрээнд тавигдах шаардлага: Хэлбэр, Гарын үсэг

  • 2024-11-06
  • 30

Монгол улсын Иргэний хуульд гэрээний хэлбэрүүд, гарын үсгийн шаардлага, гэрээ байгуулсанд тооцох, бичгээр гэрээ байгуулсныг нотлох талаар дараах чухал заалтууд бий. (Энэ талаар дэлгэрэнгүй харахыг хүсвэл Иргэний хуулийн 42-43 дах заалтуудыг харах хэрэгтэй)

 

1. Хэлбэрийн хувьд  

  • Гэрээг амаар буюу бичгээр хийнэ.
  • Гэрээний гол нөхцөлийн хувьд хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж гэрээ хийж болно.
  • Бүртгүүлэх, гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан гэрээ, хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно.
  • Нотариатаар гэрчлүүлбэл зохих гэрээ, хэлцлийг нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ.

 

2. Гарын үсгийн шаардлагын хувьд

–       Энгийн гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

–       Цахим хэлцэл нь талууд цахим баримт бичиг үйлдэж тоон гарын үсэг зурснаар, эсвэл хүсэл зоригоо харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

–       Хуулбарлаж буулгасан гарын үсэг

Ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын дагуу техник хэрэгслээр шууд хуулбарлан буулгасан гарын үсгийг түүний эхтэй          адилтган үзэж болно.

–       Гарын үсэг төлөөлж зурах

Өвчин болон бичиг үсэг мэдэхгүйн улмаас гарын үсгээ өөрөө зурж чадахгүй этгээдийн итгэмжлэлээр өөр этгээд төлөөлөн хэлцэлд гарын үсэг зурж болно. Энэ тохиолдолд

·         итгэмжлүүлсэн этгээдийн гарын үсгийг баталгаажуулсан байх бөгөөд

·         өөр этгээдээр гарын үсэг зуруулах болсон шалтгааныг бичнэ.

 

3. Гэрээ, хэлцлийг хийсэнд тооцох болон хийснийг нотлох боломж

Нотариатаар гэрчлүүлбэл зохих гэрээ, хэлцлийг гэрчлээгүй байхад

  •  аль нэг тал үүргээ бүрэн буюу ихэнхийг гүйцэтгэсний дараа
  • нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч гэрээ, хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал
  • [үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр] шүүх уг гэрээ, хэлцлийг хийсэнд тооцож болно.

Бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн гэрээ, хэлцлийн талаар маргасан тохиолдолд

  • [энэ хуульд өөрөөр заагаагүй бол] тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно.