Гадаад оронд ажиллах, хөдөлмөрлөх
- 2021-09-10
- 468
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ажиллах хүч гадаадад гаргах үйл ажиллагааг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлнэ.
Хуулийн зохицуулалт
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.”
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахтай холбогдсон харилцааг Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулиар зохицуулдаг. Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаар Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад ЗОРЧИХ эрхтэй. Мөн гадаадад цагаачилсан Монгол Улсын иргэн хэдийд ч эх орондоо БУЦАЖ ИРЭХ эрхтэй байдаг. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гадаадын иргэн, харьяалалгүй хүн, 18 насанд хүрээгүй хүнийг, химийн хортой, тэсрэх болон цацраг, биологийн идэвхт бодистой харьцах, хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэх, борлуулах зэрэг олон улсын хэмжээнд хориглосон ажилд гадаадад хөдөлмөр эрхлүүлэхээр зуучлахыг хориглоно.
Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:
Монгол Улсын Үндсэн хууль (1992 он)
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар конвенц (1983 оны 8 дугаар сарын 11-ний өдөр)
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар конвенцийн 164 дүгээр зөвлөмж
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль (1993 он)
Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он)
Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001 он)
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хууль (2001 он)
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль (2001 он)
Хөдөлмөрийн арбитрын дүрэм батлах тухай 55 дугаар тогтоол (2001 он).
Асуудлыг шийдвэрлэх байгууллага
Гадаад оронд ажиллах, хөдөлмөрлөх асуудлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар шийдвэрлэнэ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч, дадлагажигч илгээх үйл ажиллагааг голлон хариуцах байгууллага бөгөөд БНСУ-ын талаас Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулна. Гадаадад ажиллах хүч илгээх ажлыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нэгдсэн удирдлагаар хангана.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүрэн эрх:
- Хүн амын хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалтын бүтцийн бодлоготой уялдуулан ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлаар бодлого, чиглэл тодорхойлох, хэрэгжилтийг хангуулах;
- Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;
- Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон гадаадаас Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчийн нийгмийн хамгааллын талаар гэрээнд заасан үүргийн биелэлтэд хяналт тавьж, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
- Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлаар төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, гадаадын холбогдох төрийн захиргааны болон төрийн бус байгууллагатай гэрээ байгуулах.
Ажиллах хүч гадаадад гаргах тухай гэрээнд дараах нөхцөлийг тодорхой тусгана:
- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах улс, хот, байгууллагын нэр;
- Ажил, мэргэжлийн чиглэл, гүйцэтгэх ажил, албан тушаал, ажиллах хүчний тоо;
- Гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох, түүнийг цуцлах нөхцөл;
- Ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ;
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын цагийн горим;
- Орон сууц, нийгэм, ахуйн хангамжийн асуудал;
- Гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх маргаан болон хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх арга, хэлбэр;
- Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, бусад хөнгөлөлт;
- Очих, буцах замын зардал, тээврийн нөхцөл;
- Цалин хөлс, хууль ёсны бусад орлогыг тухайн орноос гуйвуулах боломж.
[Дэлгэрэнгүй зөвлөгөө авах]